Tuesday, October 20, 2009

формула

Браун-ы нисгэгчид хос ялалт байгууллаа

Формула-1
Автоспортын хаан ангилал Формула-1-ийн дэлхийн аваргын улирлын 13 дахь гараа Италийн Гран-При уралдаанд Браун Жипи баг хос ялалт байгууллаа. Домогт Феррари багийн гэрийн зам болох Италийн Монца-гийн Гран При уралдаан энэ оны нээлт болсон Феррари-гийн экс инженер Росс Брауны баг Браун-ЖиПи-гийн давамгайллаар өндөрлөлөө.

Рубенс Баррикелло, Женсон Баттон нар багийнхаа гайхалтай тактикийн ачаар ийнхүү энэ улирлын 4 дэх хос ялалтаа байгуулсан байна. Байрлал тогтоох уралдаанд тэргүүн байр эзэлсэн өнгөрсөн жилийн дэлхийн аварга Льюис Хамильтон эрт пит-стопп хийснээс хойш Брауны хоёр нисгэгч уралдааныг хошуучилж эхэлсэн бөгөөд, Британийн нисгэгч хэдхэн тойрог тэргүүлснийг эс тооцвол, байр сууриа бариа хүртэл хадгалж чаджээ. Хамильтон 3-р байр эзлэх бүрэн боломжтой байсан сүүлчийн 53 дахь тойрогт алдаа хийснээр барианд ч орж чадсангүй. Түүний оронд шагналын индэрт Феррари багийн 1-р нисгэгч Финляндын Кими Райкконен гарчээ. ДАШТ-ий нийлбэр дүнгээр Брауны хоёр нисгэгч тэргүүллээ бататгалаа. Формула-1-ийн улирал дуусахаас 4 уралдааны өмнөх байдлаар нисгэгчдийн жагсаалтыг Их Британийн Женсон Баттон 80 оноотой тэргүүлж байгаа бол Монцад 11 дэх Гран-При-даа түрүүлсэн түүний багийн анд Бразилийн Рубенс Баррикелло 66 оноотой араас нь нэхэж байна. Тиймээс элдэв гэнэтийн үйл явдал өрнөөгүй тохиолдолд энэ хоёр нисгэгч 2009 оны ДА-ын хувь заяаг шийднэ. Багийн дүнгээр Браун Жипи ойрын өрсөлдөгч Ред Булл-аас 41,5 оноогоор илүү байгаа тул энэ ангиллын аваргын нэр ч бараг л тодорхой болоод байна.

No comments:

Post a Comment